Монгол улсын Засгийн газрын 1999 оны 138 дугаар тогтоолоор “Монгол улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг судлан боловсруулах” чиг үүрэг бүхий Үндэсний хөгжлийн хүрээлэнг ШУА-ийн харъяанд байгуулж анхны захирлаар доктор (Sc.D)Р.Ринчинбазар 1999-2003 онд ажиллаж байжээ.
ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүд, эрдэмтдээс Үндэсний хөгжлийн хүрээлэнг бэхжүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх талаар гаргасан санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2002 оны 36 тоот тушаалаар тус хүрээлэнгийн бүтцэд “Системийн анализ”, “Үйлдвэрлэлийн технологи шинжлэх ухааны менежмент”, “Хөгжлийн стратеги судлал”, “Улс төр судлал”-ын секторуудыг байгуулжээ.
2003, 2005 онд Монгол улсын хөгжлийн тулгуур асуудлуудтай холбогдсон судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгүүлж байх зорилгоор Санхүү, Эдийн засгийн яам, ШУА-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу тус хоёр байгууллагын удирдлагын хамтарсан тушаалаар тус хүрээлэнд бүтцийн өөрчлөлт хийж, судалгааны чиглэлүүдийг өргөтгөх арга хэмжээ авчээ.
2006 онд Монгол улсын Засгийн газрын 2006 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах, биелэлтийг нь арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор тус хүрээлэнг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Шинжлэх Ухааны Академийн давхар харъяанд ажиллуулахаар шийдвэрлэжээ.

















